Loading...
9/4/2023
Life At Nasha Tech

Tour to ‍‍‍Mongolian blind football federations summer camp


           Сар бүр бид ажлын алжаалаа тайлж "Let's enjoy" өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ 8-р сарын "Let's enjoy"-оор Монголын хөлбөмбөгийн хараагүйчүүдийн холбооны зуны кемп дээр бүхэн очиж өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Энэ зун ашиглалтад орсон тус кемп нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөлбөмбөгийн талбай, бүрэн тохижсон гэр болон хоолоор үйлчлэх боломжтой юм. Бид аяллын эхэнд нүдээ боож хонхот бөмбөгөөр хөлбөмбөг тоглов. Тоглолтын дүн тэнцсэн тул торгуулийн цохилтоор ялагчдаа тодруулсан. Хэдий зааварлагч, мөн багийнхан байсан ч гэсэн бөмбөгөө мэдэрч, оновчтой цохино гэдэг нь нилээн хүнд даваа байлаа. Ийнхүү бид цохилтуудаа хийж ялагчаа тодруулсан юм. 

 

          Тоглолтоо амжилттай дуусгасан бид гэртээ ядран орж ирэхтэй зэрэг шахуу захиалсан хорхог маань орж ирэв. Хорхог, халуун чулуу, төрөл бүрийн ногоо, сүүтэй цай гээд янзын хослол шүү. Өглөө нь жаахан бороо шивэрснийг ч хэлэх үү, хүрч ирээд шууд тоглосныг ч хэлэх үү, бид хэд шууд л хоолруугаа дайрч гарав. Гэдсээ сайхан цадтал идээд, гэрийн тооно болон хаалгаар үүл болон хөндий талын хоршлыг сайхан харан хэсэг амарч суув. 



 

          Сууж байх хоорондоо хөзөр тоглож мөн Арсаагийнхаа авьяасыг нь шалгав. Арсаа маань Ой тогтоолтын их мастер буюу дэлхийд чансаагаараа 48-д жагсдаг нэгэн юм. Арсаа ойрын хэдэн жилдээ бэлтгэл хийгээгүй ч, бүх хөзрийг 1 минут 45 секундэд цээжлэн, яг дарааллаар нь хэлж чадсан юм. Түүнийг авьяасаа үзүүлсний дараа бүгдээрээ ууланд гарцгаан сайхан агаарлаж, холын барааг ширтэн, ойр орчмыг тольдон харав. Уулнаасаа буун, бага зэрэг хөлбөмбөг тоглосноор энэ удаагийн өдөрлөг ийнхүү амжилттай дууслаа. Өглөө ирэхэд бороо шивэрч, үүлэрхэг байсан ч орой буцахад үүлгүй сайхан нар жаргаж байхыг харсан нь юутай сайхан.